Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо ТББ нь БНХАУ-ын Өвөр Монголын Технологийн Их Сургууль (Inner Mongolia University of Technology – IMUT)-тай хамтран нүүрс-химийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, судалгаа хөгжүүлэлт, инженерийн чадавх, үйлдвэрлэлийн инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “Ногоон нүүрс-химийн технологи”-ийн олон улсын сургалт, мэргэжлийн хамтын ажиллагааны платформыг зохион байгуулж байна.
Хурлыг нээж Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шинжлэх Ухаан Технологийн Газрын Шинжлэх Ухаан Технологийн Хамтын Ажиллагааны Хэлтсийн дарга (Гадаад Мэргэжилтнүүдийн Асуудлын Газар) Тун Юнсин, Өвөр Монголын Технологийн Их Сургуулийн дэд захирал Гуо Хунфэй, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг нар нээж, оролцогчдод амжилт хүсэн үг хэллээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн богино хугацааны сургалтын хүрээнд бус, харин Монгол Улс болон БНХАУ-ын нүүрс-химийн үйлдвэрлэл, нүүрсийг гүн боловсруулан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн хөгжлийн чиг хандлагыг харилцан уялдуулах, инженер техникийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, үйлдвэрлэл–судалгаа–инновацын интеграцчилсан тогтолцоог бүрдүүлэх чухал арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм.
Сургалтын хүрээнд нүүрсийг боловсронгуй ашиглах, нүүрс-химийн үйлдвэрлэлийн орчин үеийн технологи, цэвэр үйлдвэрлэлийн шийдэл, эрчим хүчний үр ашиг, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах инженерийн аргачлал, үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн болон хаягдлын нөөц ашиглалт, ус ба эрчим хүчний дахин ашиглалт, үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн шийдлүүд зэрэг чиглэлээр онол-практик хосолсон сургалт, үйлдвэрлэлийн дадлага, технологийн туршлага судлах хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Мөн энэхүү сургалт нь нүүрсийг зөвхөн түлш хэлбэрээр ашиглах уламжлалт ойлголтоос илүүтэйгээр нүүрснээс метанол, олефин, нийлэг хий, химийн түүхий эд зэрэг өндөр нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх нүүрс-химийн интеграцчилсан үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг Монголын уул уурхай, баяжуулалт, боловсруулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудад танилцуулж, олон улсын түвшний технологийн мэдлэг, үйлдвэрлэлийн менежментийн туршлагыг эзэмшүүлэхэд чиглэж байна.
Тус сургалтад Монгол Улсын уул уурхай, баяжуулалт, нүүрс боловсруулах салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд болох:
- “Эрдэнэс Монгол” ХХК
- “Эрдэнэс Тавантолгой” ХК
- “Монголын Алт” (МАК) ХХК
- “Энержи Ресурс” ХХК
- “Трү Ти Ар Си” ХХК
- “АМБ Лаб” ХХК
- “Оюу Толгой” ХХК
- “Багануур” ХК зэрэг уул уурхайн баяжуулалтын инженер, лаборатори, технологийн судалгаа хөгжүүлэлтийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд оролцож байна.
Энэхүү сургалтын үр дүнд Монгол Улс болон БНХАУ-ын нүүрс баяжуулалт, нүүрс-химийн үйлдвэрлэлийн технологийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, дэвшилтэт технологийн туршлага, инженерийн шийдлийг нутагшуулах, үйлдвэрлэлийн үр ашиг болон нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, нүүрсийг гүн боловсруулан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг өргөжүүлэх, улмаар хоёр улсын шинжлэх ухаан–үйлдвэрлэл–инженерийн хамтын ажиллагааны тогтвортой суурийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.

