Уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлох цаг үеэ олсон томоохон үйл явдал боллоо. Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо (ТББ) БНХАУ-ын нэр хүндтэй Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль (Inner Mongolia University of Technology – IMUT)-тай хамтран "Ногоон нүүрс-химийн технологи"-ийн олон улсын сургалтыг өндөр түвшинд, амжилттай зохион байгууллаа.

Нүүрсийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хаягдлыг боловсруулж эдийн засгийн эгэлтэд оруулах, байгаль орчинд ээлтэй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх дэвшилтэт арга барилд суурилсан энэхүү сургалт нь манай мэргэжилтнүүдийн чадавхыг шинэ шатанд гаргах үнэ цэнэтэй мэдлэг, туршлагыг хамтран солилцсон сургалт боллоо. Сургалтад амжилттай хамрагдсан нийт суралцагчид БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын албан ёсны сертификатыг олгов.

Энэхүү арга хэмжээнд Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Б.Чинзориг, гүйцэтгэх захирал Д.Нямдаваа, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Буян-Өлзий, Ц.Мөнхбат нар хүндэт зочноор оролцлоо. Талууд холбооны үйл ажиллагаа, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх асуудлаар үр бүтээлтэй санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны баталгаа болсон Хамтын ажиллагааны гэрээг Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуультай ёслол төгөлдөр байгуулав.

Гэрээ байгуулах ёслолд тус сургуулийн эрдэмтэн багш нар болох Захирал Бай Жи, доктор А.Шан, доктор Лю Жумин, доктор Машибилигэ, профессор Жя Жюмин, профессор Янь Сяолинь нар хүрэлцэн ирж энэ ажлын амжилтад чин сэтгэлээсээ баяр хүргэлээ.

Нүүрс химийн боловсруулалтын дэвшилтэт технологийг эзэмшсэн энэ хамтын ажиллагаа нь Монгол Улсын нүүрсний салбарыг түүхий эд экспортлогчоос боловсруулагч болгон шилжүүлэх томоохон суурь болж, шинэ хуудсын эхлэл болж байна.